Saturday, January 8, 2011

36.Classic Democracy

Classic Democracy
Сонгодог ардчилал нь Эртний Грекийн хамгийн том бөгөөд хүчирхэг хот улс болох Афинаас үүсэлтэй. Тухайн үед Афин хотод шууд ардчилал хөгжиж байсан бөгөөд хот улс болон иргэдэд хамаатай бүхий л гол асуудлыг бүх иргэдийн чуулган буюу Иклесиа (Ecclesia)-аар хэлэлцэн шийдвэрлэдэг байсан байна.

Бүх иргэдийн чуулган нь жилд ойролцоогоор 40 орчим удаа чуулдаг байсан бөгөөд чуулганы удирдах зөвлөл 500 иргэдээс бүрдэж, иргэдээс бүрдсэн 50 орчим хороод өөрсдийн чиглэлээр чуулганд асуудал оруулдаг байжээ. Чуулганы хуралдалдааныг нэг өдрийн хугацаатай сонгогдсон чуулганы ерөнхийлөгч удирдах бөгөөд Афин хотын иргэн амьдралынхаа хугацаанд ганц удаа л чуулганы ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой байсан. Төрийн эрх барих энэхүү хэлбэрийг сонгодог буюу шууд ардчилал хэмээн нэрлэдэг.


Энэ хэлбэрийн ардчилал өнөө цагт тийм ч түгээмэл бус боловч АНУ-ын Шинэ Английн хотын уулзалтууд, Шведийн  зарим кантонын дүүргийн уулзалтууд нь сонгодог ардчилалын зарчмаар явагддаг.

Одоо цагийн  ойлголтоор Афин хотын ардчилалыг  сонгодог ардчилал гэж үзэх нь учир дутагдалтай байж болох юм. Учир нь бүх иргэдийн чуулганд Афин хотод төрсөн 20-с дээш насныхан л оролцох боломжтой байсан ба тухайн үед Афин хотын хүн амын дийлэнхийг эзлэж байсан зарц, боол, шилжин ирэгсэд бүх иргэдийн чуулганд оролцох, санал өгөх эрхгүй байжээ.

Энэ хэлбэрийн ардчилалыг хамгийн ихээр шүүмжлэгч бол Грекийн гүн ухаанч Плато байсан юм. Платогийн үзэж байснаар жирийн иргэд хангалттай мэдлэг, туршлагагүйн улмаас зөв шийдвэр гаргаж чаддаггүй. Иймд төрийн чухал асуудлыг ард иргэдээр хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулах нь буруу юм. Төрийн эрхийг гүн ухаанч, хаад, ноёд, улс төрчид зэрэг мэдлэг, туршлагатай хүмүүс барих ёстой гэж үзэж байжээ.

No comments:

Post a Comment