Saturday, January 8, 2011

1.Улс төрийн систем бүтэц

УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ УХАГДАХУУН. Улс төрийн систем бол нийгмийн системийн тодорхой нэгэн төрөл юм. Улс төр, түүний дотор төрийн засаглалын хэрэгжилт нь өөр өөрийн евөрмөц ашиг сонирхол бүхий янз бүрийн анги, бүлэг, хүчний бие даасан болон өөр хоорондоо сүлжилдсэн харилцаанд орсон үйл ажиллагааны үр дүн байдаг.


Нийгмийн бүлэг бүр нийтийг хамарсан аливаа шийдвэрийг өөртөө ашигтайгаар гаргахын төлөө өөрийг нь төлөөлсөн улс төр, олон нийтийн хөдөлгөөн зэргээр дамжуулан идэвхитэй үйл ажиллагаа явуулна. Ингэснээр эрх мэдлийн үндсэн дээр нийт олны даган биелүүлэх шийдвэрийг гаргаж байдаг нийгмийн хүрээг улс төрийн систем гэдэг. Улс төрийн системийн тухай онолыг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүмүүс бол америкийн улс төр судлаач Д.Истон, Г.Алмонд нар юм.


УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН БҮРДЭЛ, БҮТЭЦ. Улс төрийн системийн бүрдэл хэсгүүд буюу оролт, хувиралт, гаралт, эргэх холбоо, тэдгээрийг бодит байдал дээр хэрэгжүүлэгчид болох иргэд, сонирхлын бүлгүүд, улс төрийн нам, төр, хэвлэл мэдээлэл зэрэг нь хоорондоо харилцан хамааралтай бөгөөд тасралтгүй гинжин хэлхээтэй байдаг. Бүтэц, үүргийн талаас нь авч үзвэл нийгмийн улс төрийн систем нь түүнийг бүрдүүлэгч дэд системүүдийн нийлбэрээс бүрдэх цогцолбор агуулгатай болно.

Улс төрийн системийн дэд бүтцэд:

• Тогтолцооны (институционал)

• Мэдээлэл - харилцаа (коммуникаци)

• Хэм хэмжээ - зохицуулалтын гэсэн үндсэн гурван дэд системийг ялган үздэг.


I. Тогтолцооны (институциональ) дэд систем

Улс төрийн системийг түүнийг бүрэлдүүлэгч институт болох: - төр, - улс төрийн нам, -сонирхлын бүлэг, - ард түмэн зэрэгтэй хамгийн түрүүнд холбож ойлгодог бөгөөд эдгээр нь улс төрийн системийн үндсэн бүрдэл хэсгүүд болж байна.

Асуудлыг тодруулах үүднээс улс төрийн системийг тогтолцоо (system)-ны талаас нь авч үзье.

Системийн хандлага нь аливаа үзэгдэл бие даасан байх авч өөр бусадтай харилцан хамааралтай бөгөөд өөрийн онцлог орчин бүхий нэгэн бүхэллэгийг үүсгэн хөдөлгөөнт шинжтэй байна гэдгийг үндэс болгодог. Аливаа систем «оролт», «хувиралт», «гаралт», «эргэх холбоо» гэсэн хэсгээс бүрддэг ба улс төрийн системийн хувьд «оролт» нь олон түмний шаардлага, дэмжлэг, «гаралт» нь шийдвэр, үйлдэл юм.

Улс төрийн системийн загвар (Д.Истоныхоор)



ОРОЛТ-д хамаарах шаардлага, дэмжлэг нь засаглалын субъектын зүгээс явуулж буй үнэт зүйлийн хуваарилалтын үндэслэлтэй холбоотой санал бодлын илэрхийллийн хэлбэр юм.

Шаардлага гэдэг нь улс төрийн системийн дотроос юм уу, түүнийг хүрээлэн байгаа экологийн, эдийн засгийн, соёлын зэрэг янз бүрийн системүүдээс гарч буй тулгалтууд юм. Тухайн нийгмийн онцлогоос шалтгаалан шаардлага нь олон янз байх боловч түүнд аюулгүй байх, бие хүний бие даасан байр суурь олгох зэрэг агуулгатай шаардлагууд гол байрыг эзэлнэ. Улс төрийн систем оршин тогтнож үйлчлэхэд зөвхөн шаардлага хангалттай бус дэмжлэг бас хэрэгтэй.

Дэмжлэг нь оролцооны ба бодит гэсэн хоёр хэлбэртэй. Аль нэг нам, нэр дэвшигчийн төлөө саналаа сонгуульд өгөх, тодорхой бодлого шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэх зэрэг нь оролцооны дэмжлэгийн жишээ юм. Бодитой дэмжлэгт татвар төлөх, төрийн болон цэргийн алба хаших зэргээр материалын дэмжлэг үзүүлэх, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, билэгдлийг хүндэтгэн үзэх зэрэг дэмжлэг орно. Үнэт зүйлсийн хуваарилалт зөв явагдаж байгаа бол дэмжлэг нь голлож, урвуу явагдвал шаардлага нь голлоно.

Ингэхдээ нийгэм социал бүлгийн олонлогоос бүрддэг тул шаардлага, дэмжлэг ямагт хосолсон байдлаар илэрдэг нь түгээмэл.

Улс төрийн систем системийнхээ хувьд шаардлага, дэмжлэг буюу оролтийг шийдвэр, үйлдэл буюу ГАРАЛТ болгож хувиргана. Шийдвэр-үйлдэл нь төрийн бодлогын тодорхой илрэл болсон төрийн хууль тогтоомж, мэдээлэл сурталчилгаа зэрэг болно. Орж буй хүчин зүйлийг гаралт болгож хувиргахдаа улс төрийн систем нь зорилгодоо хүрэх үүднээс нийгмийн нөөцийг дайчилж, нийгмийн гишүүдийн хүч чармайлалтыг зохицуулалтаар хангана.

Гаралт нь энэхүү харилцан үйлдэл бүхий үйл явцын эцсийн цэг биш, тасралтгүй үргэлжлэх орчлын нэг л үе шат болно. Орчлийн энэ үйлдлийг ЭРГЭХ ХОЛБОО гэж нэрлэдэг. Энэ нь улс төрийн системд хувьсан өөрчлөгдөж буй орчинд зохицох, шинэчлэх, өөрийгөө хадгалах бололцоог олгодог. Тэрчлэн эргэх холбоо нь нийгмийн хурцадмал, тогтворгүй байдлын арилгах гол механизмын үүргийг гүйцэтгэдгээрээ онцлогтой.

Эдгээрээс үзвэл улс төрийн систем нь эцсийн дүндээ шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд нөлөөлж байдаг, өөр хоорондоо холбоотой сүлжилдсэн, байнга өөрчлөгдөж байдаг, эрчимтэй үйл ажиллагаа, механизмын цогц болох нь харагдаж байна.

Бид улс төрийн системийг тогтолцооны талаас нь авч үзлээ. Улс төрийн систем бол үйл ажиллагаа юм. Улс төрийн систем, түүний бүрдэл хэсэг бүр ямар байр суурь эзэлж, үйл ажиллагаа явуулдаг, ямар чиг үүрэгтэй талаар бүтэц-чиг үүргийн талаас нь авч үзье.

Улс төрийн системийн бүрдэл хэсгүүд тус бүртээ өөр өөрийн чиг үүрэгтэй улс төрийн олон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор чухал ач холбогдол бүхий нь:

• сонирхол илэрхийлэх үйл ажиллагаа - нийгмийн гишүүд үнэт зүйлсийг байршуулах талаар өөр өөрийн сонирхолтой, тэр сонирхлоо хэрэгжүүлэхийг эрмэлзэж байдгаас хүмүүс түүнийг томъёолж, шийдвэр гаргах эрх бүхий газрын анхааралд хүргэн, харгалзан үзэхийн чухлыг янз бүрийн арга хэрэгслийг ашиглан шийдүүлэхийг хичээж буй үйл ажиллагаа.

• сонирхолыг нэгтгэх үйл ажиллагаа - сонирхол янз бүр, заримдаа хоорондоо эсрэг тэсрэг байх, тэр бүх сонирхолыг бүрэн хангах бололцоо нийгэмд хэзээ ч байдаггүй. Ийм нөхцөлд сонирхолыг ямар нэг байдлаар зохицуулах шаардлага гарч, түүнийг хангах арга замыг тодорхойлон бодлого боловсруулах үйл ажиллагаа.

• сонирхолыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа - бодлогыг нийтээр дагаж мөрдөх шийдвэрт тусгуулж, түүнийг улс төрийн засгийн эрх мэдлээр биелүүлэх үйл ажиллагаа эдгээр болно.

Сонирхолыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны аль нь ч зохион байгуулалтгүйгээр хэрэгжих бололцоогүй бөгөөд өөр өөрийн байгууллагын хэлбэрээр биежсэн үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ. Үүнд:

1. Сонирхолыг илэрхийлэх байгууллага нь сонирхолын бүлгүүд (манайд төрийн бус байгууллага, хөдөлгөөн),

2. Сонирхолыг нэгтгэж, улс төрийн бодлогын боломжийн хувилбарыг боловсруулж байдаг байгууллага бол улс төрийн нам,

3. Сонирхолын хэрэгжилтийг хангадаг байгууллага нь төр байдаг. Эдгээрийг бүдүүвчлэн үзүүлбэл:

II. Мэдээлэл- харилцааны дэд систем

Мэдээлэл-харилцааны дэд систем нь улс төрийн системийн бүрдэл хооронд холбоо тогтоох, төр болон улс төрийн институтэд мэдээлэл дамжуулах «сувгийн» үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү дэд системийн ач холбогдол асар их. Учир нь улс төрийн системийн үйлчлэл нь хүмүүсийн авч буй мэдээллийн түвшин, хүрээнээс ихэд шалтгаалдаг. Хүмүүс тодорхой мэдээлэл, мэдлэгтэй байж л улс төрийн аливаа үйлдлийг үнэлэх боломжтой байдаг. Мэдээллийн хэрэгсэл эрх чөлөөтэй байна гэдэг нь зөвхөн тунхаглаж бахархдаг зүйл гэхээсээ илүү хувь хүнд сонголт хийх эрхийг өөрт нь олгож байгаагийн гол баталгаа болдог байна.

Нөгөө талаас мэдээллээр хүнийг залж болдог ба үүнийг гол гэж үзвэл бие хүнд төрийн зүгээс үзэл бодол тулгах маш том механизм үйлчилж, хүнээс хариуцлагыг салган, түүнийг идэвхгүй байр сууринд аваачдаг ажээ. Энэ байдал тоталитар ямар ч нийгэмд үүсдэг бөгөөд үүнийг тогтоон барих нь ноёрхогч бүлгийн оршин байх урьдчилсан нөхцөл болдог байна.

Иргэдийн сонголт хийх бололцоо нь улс төрийн системийн мэдээлэл-харилцааны дэд системийн үйлчлэлээс хамгийн түрүүнд шалтгаалдаг жамтай. Иргэд нь мэдээлэл олж авах, хайх эрхээ эдлэх болон шийдвэр гаргагч институтын зүгээс мэдээллээр хангах сувгийг бүрэн баталгаажуулж өгч чадсан тохиолдолд улс төрийн системийн эл дэд систем үр ашигтай үйлчилж, улмаар улс төрийн систем нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж байна хэмээн үзэх нөхцөл бүрэлдэх юм.







III. Хэм хэмжээ-зохицуулалтын дэд систем

Хэм хэмжээ-зохицуулалтын дэд систем нь улс төрийн амьдрал дахь хүмүүсийн үйл байдал болон бусад объектын чиг үүргийг тодорхойлох хэм хэмжээнээс бүрдэнэ. Тухайлбал, шаардлага дэвшүүлэх, эл шаардлагыг шийдвэр болгох, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл явцад оролцох хүмүүсийн үйл байдлыг энд дурьдаж болно. Хэм хэмжээг:

• дадал заншлын

• хууль зүйн гэж ангилна.

Ардчилсан нийгэмд улс төрийн нам, сонирхлын бүлгээр дамжин улс төрийн амьдралд оролцох хүмүүсийн оролцоог заншлын хэм хэмжээ гэж үзнэ. Нөгөө талаас төрийн зүгээс ч анхаарал халамж хүсэх явдал иргэдийн хувьд мөн хэвшсэн ердийн үзэгдэл гэж үзэх учиртай. Төрийн энэ хэм хэмжээ нь хууль зүйн хэм хэмжээг өөртөө агуулсан улс төрийн системийн хэлбэрийг ихэнхдээ тодорхойлдог байна.

Хууль зүйн хэм хэмжээ нь хууль тогтоох үйл явцыг тодорхойлж үг хэлэх, саналаа илэрхийлэх, эвсэн нэгдэх зэрэг эрхийг тогтооно. Энэхүү хоёр төрлийн хэмжээ нь улс төрийн харилцан нөлөөлөл үйлдлийг бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд эдгээргүйгээр эмх замбараагүй байдал үүсэх аюултай байдаг байна.



УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН ЧИГ ҮҮРЭГ. Уг асуудлыг Г.Алмонд нарийн судалж гаргажээ. Тэрээр улс төрийн системийн үндсэн хоёр бүлэг болох “оролт”, “гаралт”-ын чиг үүрэг байдаг гээд тэдгээрийг тодорхойлсон юм.





Оролтын чиг үүргийг үндсэндээ төрийн бус дэд систем гүйцэтгэдэг бол гаралтын чиг үүрэг гарцаагүй төрийн мэдэлд байдаг нь дээр дурьдсанаас харагдаж байна.

Гэхдээ энэ үүргүүд нь уламжлалт хаант засагтай болон нэг хүний дарангуйллын үед систем дэх “оролт” бүрэн утгаар илэрч чадахгүй, иргэд зөвхөн “гаралт”-ыг “эргэх холбоо”-гүйгээр шахам хүлээн авагчид л байдаг. Харин парламент ёс, ардчилал дэлгэрсэн орнуудад л бүрэн утгаар хэрэгжих бололцоотой юм.

3 comments: