Saturday, January 8, 2011

9.Монгол дахь намын систем төлөвшил

Ардчилсан хөгжлийн хориод жилд манай оронд болсон Ерөнхийлөгчийн болон парламентын, түүнчлэн орон нутгийн сонгуулийн явц, үр дүнг цэгнэн үзвэл, манай иргэдэд улс төрийн соёл эерэгээр төлөвшиж, сонгох, сонгогдох, саналаа өгөх хариуцлага өсч, бусдаас хараат бус бие даасан сонголт хийх талаар харьцангуй хангалттай хийгээд хүрэлцэхүйц дадал, чадвар, туршлага суусан гэж хэлж болохоор байна. Харин сонгуулийн тогтолцооны талаар улс төрчдийн дунд харилцан адилгүй үзэл бодол бий.

Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Шүүх эрх мэдлийн хэнээс ч хараат бус бие даасан байдлыг хангах талаар зарим алхмууд хийгдэж байна. Эрүүгийн нөхцөл байдал хүндрэх хандлага бүхий нөхцөлд цагдаа, олон нийтийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь ардчиллын нэг ололт юм.
Тус улсад анх удаа бий болсон Үндсэн хуулийн цэц хэмээх Үндсэн хуулийн дээд хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага парламентаас баталсан цөөн биш хуулийн зүйл заалт, Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна хэмээсэн дүгнэлт гаргаж, УИХ Үндсэн хуулийг өөрийнхөөрөө ойлгож, бүхнийг дангаараа шийдвэрлэх эрхтэй цорын ганц байгууллага биш юм шүү гэдгийг анхааруулж өглөө.
Эдүгээгийн Монголын улс төрийн намууд үзэл номлолын хувьд бүгд үндэсний ардчилсан чиг шугам барьж байгаагаа зарлаж, харин үзэл баримтлалаа хэрэгжүүлэх арга, хэлбэрээр ялимгүй зөрөөтэй байна. Харин өнөөгийн байдлаар парламентад эзэлж буй суудлаараа:
1. Парламентад үл ялих олонхи болсон МАХН. Намын бүлгээ байгуулан ажиллаж буй.
2. Парламентад олон, цөөн суудалтай намууд. Эдгээрээс хамгийн олон суудалтай МоАН юм.
"Эх орон-ардчилал" эвсэл задарснаас МоАН парламентад дахин бүлэг байгуулах боломжгүй болсон. Одоо парламент дахь МоАН-ын зөвлөл хэмээх хуулинд заагдаагүй өвөрмөц бүтэц бий болон ажиллаж байна. Мөн "Эх орон" нам (Эх орон-Монголын Ардчилсан Шинэ Социалист нам байснаа Улсын Дээд Шүүхийн 2005 оны I сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор "Эх орон" нам болгон өөрчилсөн), Иргэний Зориг Нам, Бүгд Найрамдах нам парламентад суудалтай байна, 2005 онд Ард Түмний Нам байгуулсан Л.Гүндалай, 2006 онд Үндэсний Шинэ Нам байгуулсан М.Энхсайхан, Ж.Наранцацралт зэрэг хүмүүс сонгуульд МоАН-аас нэр дэвшиж, УИХ-д суудал авсан учир дээрх шинэ намуудыг парламентад суудалтай гэж албан ёсоор үзэх боломжгүй байна. Нэгэнт МАХН-аас өөр бүлэг байгуулсан улс төрийн хүчин байхгүй учир парламентын сөрөг хүчин жинхэнэ утгаараа төлөвших аргагүй юм. Олон түмний дотор улс төрийн намуудын нэр, нөлөө суларч, "намгүйжих" хандлага газар авсаар байгаа нь Монгол оронд намын системийн хувьд хоёр намын систем тогтох чиглэлтэй өрнөж байсан үйл явц алдрах байдалтай болов. Цаашдын өрнөлт МАХН, МоАН гэсэн хоёр том намын бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалах болно. Харин зарим судлаачид Монголын өнөөгийн намын системийг "нэг нам зонхилсон хоёр хагас намын систем" (8,136) гэж тодорхойлж байна.
Ардчилсан тогтолцоонд хамгийн гол гогцоо нэгэн зүйл бол иргэдийн нийгмийн идэвхитэй байх суурь төлөвшүүлэх асуудал юм. Үүний нэг тод илэрхийлэл бол төрийн Төрийн бус байгууллагууд "манангийн дараах мөөг шиг" олон зуугаар байгуулагдаж байгаа явдал юм. 2007 оны эхний хагасын байдлаар 6000 шахам төрийн бус байгууллагууд бүртгэгдээд байна. Энэ манай улсын 430 орчим хүн тутамд нэг ТББ байгууллага оногдож байна гэсэн үг юм.Эл байгууллагууд иргэдэд зорин тэмүүлж буй нийгмийнхээ мөн чанар, утга учрыг сайтар ойлгуулж ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үйлсэд оролцох илүү ухамсартай сонголт, илүү бүтээлч чанарыг төлөвшүүлж байгаагаараа онцлог бүлгээ.

Иргэдийн нийгмийн идэвхийн нөгөө нэг илрэл нь хэвлэн нийтлэх эрхээ бүрэн дүүрэн эзэлж, хэрэгжүүлж буй байдал юм. 2006 оны сүүлчийн байдлаар Монгол Улсад 340 гаруй хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Хэвлэл мэдээллийнхэн хий дэмий хэл амаа билүүдэж, тагнай ташиж шуугиан дэгдээх биш, үнэн магадыг олоогүй хуурмаг сэжигтэй зүйлийг баалан шүүмжилж, ард иргэдэд ардчилсан шинэ сонголтын учир утгыг ойлгуулах, сурталчилахад соргог мэдрэмжтэй байж, үнэтэй санаа, оноогоо түгээж чадаж байвал сая "дөрөв дэх засаглал"-ынхаа үүргийг гүйцэтгэж, иргэний нийгэм, ардчиллын үйлсэд нэмэр хандиваа оруулах болно.
Өнөөгийн Монголын улс төрийн тогтолцооны хөгжлийн хандлага нь эрх зүйт төр, сайн засаглал тогтоох, иргэний нийгэм хөгжүүлэх, ард иргэдэд нийгмийн идэвх, улс төрийн ухамсар суулгах нь чухал юм.


No comments:

Post a Comment