Saturday, January 8, 2011

34.Лоббизм

Лоббизм түүний чиг хандлага
Орчин үеийн гарал үүсэл нь анх Америкийн конгресст (хууль тогтоох байгууллагад) хөрөнгөтөн баячууд, санхүүгийн олигархуудын зүгээс өөрсдийн эрх ашгаа хамгаалах зорилгоор гишүүдийн саналыг худалдан авах хэлбэртэй хөшигний цаана ажиллаж байгаад 1940-өөд онд бут цохигдож, хуулийн хатуу хяналтад орсон байна.
Харин 1950-иад оноос хойш төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, ил тод ажиллаж өөрийн байгууллагадаа татвар төлөх, тэрчлэн зарим хуулийн төслийг бэлтгэж парламентад өргөн барих, үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагын шударга ёсны шахалт шаардлагыг дэмжих зэрэг олон хэлбэрийн үйл ажиллагаа явуулах болжээ.

Орчин үед санхүүгийн хүчирхэг корпорацийн эздүүд өөрсдөө хууль тогтоох байгууллагад сонгогдох гэх нь моодноос гарч, өндөр мэргэшлийн хуульч, эдийн засагч, менежер, инженер, нэр хүндтэй хүмүүсийг парламентад лоббидон гаргаж, тэднээрээ дамжуулан өөрсдийн үгийг төрийн бодлогод хүргэдэг болсон байна.

Манай улсад лоббизмийн шинжүүд нэлээд нууц хэлбэртэй өөр өнгө аястай нутгархах, танил тал харах, хөрөнгө мөнгөнд зулгуйдах, улс төрийн эрх мэдэлтнүүд хэсэг бусгаараа хамсан нийлж бусдыг хавчин гадуурхаж бөөрөлхөж шахах, нохой мэт бүлэглэн довтлох, төр олон нийтийн өмнө өмч хөрөнгийг шамшигдуулах төрийн албыг худалдаа наймааны хэрэгсэл болгож бие биедээ ая тал засах зэрэг гэмт хэргийн шинж төрх илрэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд тэд үүнийгээ лоббизм гэж андуурч эндүүрч тайлбарлах нь олонтой тохиолдож байна. Лоббизм нь хэсгийн сонирхолыг төрөөс, өөрийгөө бусдаас дээгүүр тавьж буй нөхцөлд хэзээ ч сайн үр дүн авчирч байсан түүхгүйг олон судлаачид цаг ямагт анхааруулсаар иржээ.

Улс төрийн плюрализм, лоббизм аль аль нь ардчилсан нийгэмд нээлттэй байдаг зүйл боловч танил тал, эрх мэдэл дагалдсан луйвар булхай, хуйвалдааны өнгө аясыг агуулж, төрийн болон нутгийн захиргааны гол гол албан тушаалтнуудыг хяналтандаа байлгахыг эрмэлзэн, мэргэжил мэргэшлийн чиг баримжааг нь алдагдуулахад чиглэгдэж байвал хууль бус үйл ажиллагаа гэж үздэг.

Үүний нэг тодорхой жишээ бол улс төрийн плюрализм, лоббизмын нэрэн дор өнөөдрийн монгол улсын төрийн алба, аймаг нийслэл дүүргийн засаг захиргаа улс төр бизнесийн олигархи хамсал буюу мөнгө санхүүгийн бүлэглэлийн явцуурлаас непотизм-nepotism, кронизм-cronysm, брайбери-bribery, коррупци-corruption-ийн цөм болсон гэхэд хилсдэхгүй болжээ.

Лоббизмыг манайд хааяадаа парламентын намууд, эвсэл холбоодын дотоодод илрэн гарч ирдэг фракц буюу жигүүрийн тухай ойлголттой нь хольж хутгах явдал ажиглагдаж байгааг анхаарахад илүүдэхгүй. Учир нь шинэ нийгэмд шинэ юм өөр өөрийнхөө мөн чанараар хөгжиж байх зүй тогтолтой байдагт оршино.

Ардчилсан нийгмийн мөн чанар, үндсэн зарчимыг нээн харуулахын тулд түүнийг бүрдүүлэгч элементүүдийн зарим эрх зүйн өнгө аястай шинж чанарыг тайлбарлах, зохих дэс дараалалд оруулж эмхлэн цэгцлэх гэсэн оролдлого товчдоо ийм буюу.

No comments:

Post a Comment