Saturday, January 8, 2011

25.Улс төрийн лидерийн имиж

Лидер буюу манлайлагч бол хүмүүсийн хамтын үйл ажиллагаа, харилцааны зохион байгуулалтад гол үүрэг гүйцэтгэдэг, нэр хүнд бүхий бие хүн, хамт олон, бүлгийн гишүүн юм. Ихэвчлэн удирдагч эерэг хувийн имиж бүрдүүлэхийг хичээдэг.
Гэхдээ зарим тохиолдолд бие хүн санаатайгаар сөрөг дүр бүтээх нь байдаг. Энэ нь ихэвчлэн улс төрийн зүтгэлтнүүд болон шоу бизнесийн хүрээнийхэн дунд илэрдэг бөгөөд бизнесийн орчинд ховор тохиолддог үзэгдэл юм. Учир нь бизнесийн байгууллагын удирдагч сөрөг имижтэй байх нь үйлчлүүлэгчдийн зүгээс тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүнд болон үйлчилгээнд итгэх итгэл үнэмшлийг багасгадаг. 

Аливаа удирдлага хүмүүсээр дамжин хүмүүст хэрэгждэг учир хүмүүсийн хоорондын харилцаанд давамгайлагч субъектын араншинг судлах нь чухал юм. Энэ нь орчин үеийн сэтгэл зүйн онолын хөгжилт, түүний ололтоор нөхцөлдөн гарч ирсэн ба хүмүүсийн харилцааны урлагийг сэтгэл зүйн талаас нь сайтар эзэмшиж түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж байх ёстой. Хүмүүсийн сайн ажиллах сонирхолыг хөгжүүлэх, тэднийг манлайлан удирдаж чаддаггүй хүн чадварлаг удирдагч болж чадахгүй. Харин чадварлаг удирдагч хүн сайн манлайлагч байх нь нийтлэг байдаг.
Манлайллын талаар олон янзын ангилал байдаг бөгөөд эдгээрээс орчин үеийн нийгмийн хөгжилд дүйцэн тусдаг нь германы социологич М.Веберийн ангилал юм.
Тэрээр манлайллыг:
1.    Уламжлалт- Олон нийтийн итгэл үнэмшил, шашин шүтлэг, ёс заншилд тулгуурлан оршсоор байдаг.
2.    Бюрократ- Тухайн улс улс төрийн систем, төрийн байгууламж, хууль эрх зүйн орчин, албан тушаалын эрх мэдлээр илэрч байдаг.
3.    Харизмат- Бие хүний мөн чанарт тулгуурласан өөрөөр хэлбэл төрөлхийн авьяас чадвар нь манлайллыг төрүүлдэг,  гэсэн үндсэн 3 хэв маягт хуваан авч үзэж тус бүрийн онцлогийг нарийвчлан гаргасан байдаг.
Удирдагч хүний үйл ажиллагааны ихэнх нь хувь хүмүүстэй харьцах байдаг тул хүмүүст төрүүлж буй сэтгэгдлийг онцлон анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, имижийг бүрдүүлэхдээ хүмүүст харах эрхтнээр дамжин хүлээгдэн авагдах мэдээллийг нарийн авч үзсэн байх ёстой. Тухайлбал:
Харах мэдрэхүйгээр дамжин хүлээн авагдах мэдээллийг орчуулах хэрэггүй. Хүмүүс их сайн тогтоож авдаг. Хүний бодсоноос хамаагүй их мэдээлэл нүдээр дамжин хүлээн авагддаг. Мөн энэ сувгаас хүлээж авагдсан мэдээлэл ямар ч заавар нэмэлтгүй гэж тооцогддог учир хүн бүхэнд байдаг үл итгэх, итгэхийн шүүлтүүрээр хялбархан нэвтэрдэг.
Тэрчлэн лидерийн имижийг шинж чанараар нь:
1. Хувийн /бие хүний/ имиж
2. Социал имиж
3. Мэргэжлийн имиж гэж ангилж болно.
Эдгээрээс нилээн чухал нь бие хүний имиж юм. Учир нь уг имиж нь ажил мэргэжлийн хөгжил хийгээд хүний социал харилцааг тодорхойлж байдаг. Лидерийн имижийн бие хүний бүрдэлд оюуны болон ёс суртахууны чанар, бие хүний чадвар нөөц, чиг хандлага чухал байр суурь эзэлдэг байна. Албан хаагчдын хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд манлайллын зан чанарыг харуулж чаддаг, өөрийн байгууллагын албан хаагчид, ажиллагсдаа шаардлагатай үед зохион байгуулах чадвар, ажил хэрэгч байдлаар илрэн гарна. Түүнчлэн өөрөө өөрийгөө удирдах, зохион байгуулах чадвар ч багагүй ач холбогдолтой юм.
Манлайлагч жирийн хүнийхээс хэд дахин илүү ачаалал даах сэтгэлийн тэнхээтэй байх нь жинхэнэ утгаараа манлайлагч болох сэтгэл зүйн бэлтгэл бөгөөд өөрийн ажил үүргээ ухамсарлан шаргуу хөдөлмөрлөж олон нийтийг өөрийн хийж буй ажил үйлээрээ татаж чадсан тохиолдолд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч болно.
    Манлайлагчийн дүр төрх, имиж нь дагалдагч олон түмээс дээгүүр байж, тэднийг залж удирдахад чиглэдэг.

No comments:

Post a Comment