Saturday, January 8, 2011

14.Улс төрийн систем ба намын эзлэх байр суурь

Монголын нийгмийн амьдралд гарч буй гүнзгий өөрчлөлттэй холбоотойгоор нийгмийн улс төрийн хүрээнд ч өөрчлөлт гарч, улс төрийн шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож төлөвшиж байна.


Энэ нь:
1. Улс төрийн системийн бүрдэл хэсэг болох дэд хэсгүүдэд гүн гүнзгий өөрчлөлт гарлаа. Тухайлбал,
     - Нам төвтэй улс төрийн тогголцооноос төр төвтэй улс төрийн тогтолцоонд шилжлээ.
     - Улс төрийн тоталитар дэглэмээс ардчилсан дэглэмд шилжиж байна.
     - Нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоо бүрэлдэн тогтлоо
     - Хэлбэрийн төдий ОНБ-уудын оронд нийгмийн сонирхолын бүлгүүдийн илэрхийлэл болсон төрийн бус байгууллага, хөдөлгөөн, үүсгэл санаачлагын байгууллагууд бий болж, олон ургальч үзэл хөгжих эхлэл тавигдав. Энэхүү олон янзын сонирхол, хүсэл зориг нь нийгэмд өрсөлдөөнийг тэтгэгч болсоор байна.
     Төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент - УИХ, гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага - засгийн газар, монголын ард түмний тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн билэгдэл, төрийн тэргүүн монгол улсын ерөнхийлөгч гэсэн төрийн тогтолцооны шинэ дээд бүтэц бий болов. Төрийн эрх мэдлийг засаглал хуваах онолын дагуу жинхэнэ ёсоор өөрийн орны өвөрмөц онцлогтойгоор Үндсэн хуулиндаа тусгаж , хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байгууллагад хуваарилан хариуцуулж, хооронд нь харилцан хамаарал, хяналт, тэнцэлтэй болгов.

Монгол улсын шинэ Үндсэн хуулинд хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хурал, гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх эрх мэдлийг Шүүх, Прокурор, Үндсэн хуулийн цэц хэрэгжүүлэхээр заасан байна.

УЛСЫН ИХ ХУРАЛ бол манай төрийн эрх барих дээд байгууллага, монгол улсын парламент юм. Улсын их хурал нь 76 гишүүнтэй байх ба тэдгээрийг нийт ард түмний шууд сонгуулиар 4 жилийн хугацаатай сонгоно.
Улсын их хурал нь - хууль тогтоох, ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах, - засгийн газрыг байгуулах, татан буулгах, - төсөв батлах, - төрийн дотоод гадаад бодлогыг тодорхойлох, - хуулийн биелэлтийг хянан шалгах, - Монгол улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, - онц болон дайны байдал тогтоох гэх мэтийн асуудал шийднэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Ерөнхийлөгчийг нийт ард түмний шууд сонгууль, УИХ хоёроос 4 жилийн хугацаагаар сонгож батална.
Ерөнхийлөгч нь: - УИХ-ын баталсан хууль болон шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих, - УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхий сайдаар томилох санал, засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах, - гадаад харилцаанд улсаа төлөөлж олон гэрээ байгуулах, - үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, - зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэрэг үүрэг гүйцэтгэнэ.

ЗАСГИЙН ГАЗАР бол манай төрийн гүйцэтгэх дээд байгууллага юм. Засгийн газар нь ерөнхий сайд , гишүүдээс бүрдэх бөгөөд УИХ-аас 4 жилийн хугаацаатай томилон байгуулна.
Засгийн газар нь: - төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгууллагыг удирдах, - төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэнэ.

Шүүх засаглалыг хэрэгжүүлэх байгууллага нь Шүүх , Прокурор, Үндсэн хуулийн цэц юм.
ШҮҮХ нь: - хуулийг сахиулах, тайлбарлах, - эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг шүүн таслах үүрэг гүйцэтгэнэ.

ПРОКУРОР нь: - хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ нь: - үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн юм.
2. Нийгмийн улс төрийн харилцаанд гарсан энэ өөрчлөлтийг Үндсэн хуулиараа бататган бэхжүүлж, тэдгээрийн үйл ажиллагааны хэм хэмжээг хуульчлан тогтоов. Монгол улсын Үндсэн хуулинд тус улсын төрийн хэлбэрийг тодорхойлон хуульчлан бататгасан юм. Уг хуулинд зааснаар Монгол улс ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫН хувьд (Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1 дэх хэсэг, 25-р зүйлийн 1 дэх хэсгийн 6, 41-р зүйлийн 2 дахь хэсэг, 44-р зүйлийн заалтуудаас үзэхэд) парламентын засаглалтай бугд найрамдах улс.

Төрийн байгууламжийн хувьд (Үндсэн хуулийн 2-р зүйлийн 1 дэх хэсэг, 4-р бүлэгт зааснаар) төвлөрсөн нэгдмэл улс юм.
Улс төрийн дэглэмийн хувьд (Үндсэн хуулийн Оршил, 2, 3-р бүлэгт зааснаас үзэхэд) ардчилсан хэлбэрийн дэглэмтэй улс юм.
Ардчилал, олон ургальч үзэл улс төрийн амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна.

Монгол орны улс төрийн шинэ систем нь улс орны өвөрмөц байдал, үндэсний уламжлал, онцлогийг харгалзахын зэрэгцээ, дэлхийн олон улсын төрт ёсны үнэ цэнзг зүйлүүдийг зохистой хослуулах чиглэлийг баримталж байна.
Улс төрийн энэ шинэ систем нь төгс боловсронгуй болсон зүйл хараахан биш бөгөөд нийгмийн өөрчлөлт гүнзгийрэхийн хэрээр цаашид улам боловсронгуй болох зүй тогтолтой үзэгдэл юм.
 

No comments:

Post a Comment