Saturday, January 8, 2011

24.Улс төрийн дэглэм мөн чанар

УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ УХАГДАХУУН. 
Улс төрийн дэглэм нь тухайн нийгмийн мөн чанарыг илэрхийпж байдаг бөгөөд энэ утгаараа төрийн дэглэм гэсэн ойлголтоос өргөн утгатай юм. Улс төрийн дэглэм нь төрийн бус улс төрийн институтууд (нам, хөдөлгөөн, сонирхолын бүлэг гэх мэт), улс төрийн эрх чөлөө, хувь хүний эрх зүйн байдал зэрэг ойлголтуудыг давхар агуулж байдаг. 
 Улс төрийн дэглэм нь төр, нийгмийн доторхи улс төрийн эрх мэдэл ба нөлөөлөл хэрхэн хуваарилагдаж байна гэдгийг тусган харуулдаг. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр засаглалын харилцаа ямар хэлбэрээр оршин буйг илэрхийлнэ.
Энэ утгаар нь нийгэм дэх улс төрийн харилцаа, засаглалыг хэрэгжүүлэх арга хэлбэр, төр нийгмийн хоорондын тогтсон харилцаа, нийгэм дэх голлох үзэл суртал, улс төрийн соёлын түвшин, нийгмийн бүлгүүдийн хоорондын харилцан хамаарал зэргийг нийгмийн улс төрийн дэглэм гэдэг.
Нийгэмд улс төрийн ямар дэглэм байгааг судлан үзэхдээ:
1. эрх мэдлийн төвлөрлийн хэмжээ
2. үнэт зүйлсийн төрөл зэргийг гол шалгуур болгодог.

УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМИЙН АНГИЛАЛ. Дэлхийн улс орнуудыг дээрх шалгуурыг гол болгон:
- ардчилсан
- ардчилсан бус дэглэмтэй гэж ангилна.
Төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл зориг, эрх, эрх чөлөө, сайн дурын хүлээн зөвшөөрөлт, эрх зүйт хуульд тулгуурлан хэрэгжүүлж байгаа улс орнуудыг ардчилсан дэглэмтэй гэж үзнэ
Ардчилсан улс төрийн дэглэмийг дотор нь: - либерал, - консерватив, - охлократ дэглэм гэж ангилна.
Либерал ардчилсан дэглэм. (liberalis - эрх чөлөө гэсэн утгатай латин үг) Нийгмийн амьдралд хамгийн бага оролцоотой (Minima State) дэглэм бөгөөд үндсэн үүрэг нь хулгай, залилан, хүчирхийлэл зэргээс хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаар хязгаарлагддаг. Ингэснээр, хүний эрх, эрх чөлөө дээдлэгдэнэ. “Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө” гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог улсууд энэ ангилалд орно.

Консерватив ардчилсан дэглэм. (conservare - хадгалах гэсэн утгатай франц үг) Төрийн нэр хүнд, уламжлалт чиг үүрэгт хүндэтгэлтэй ханддаг, нийтийн сайн сайхан, үндэсний уламжлалт үнэт зүйлийг хамгаалах үүднээс төрийн хууль ёсны оролцоо, зохицуулалтыг харьцангуй өндөр түвшинд хадгална. Хүний салшгүй эрх болсон өмчлөх эрхийг хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журмын баталгаа гэж үздэг төр улсыг үүнд багтаана.

Охлократ ардчилсан дэглэм. (ochlos - энгийн олон түмэн гэсэн утгатай грек гаралтай үг) Ардчилсан бус дэглэмээс ардчилсан дэглэмд шилжих шилжилтийн үеийн дэглэмтэй улс энэ ангилалд хамаарна. Энэ ангилалд багтаж буй улс ардчиллын үнэт зүйлсийг ард түмний дуу хоолой, шахалтаар хэрэгжүүлж байдаг онцлогтой.
Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ эрх зүйт бус хуульд дулдуйдан албадлага, хүчирхийллийн аргаар эрх баригчдын дур зоригийн ноёрхлыг тогтоосон төр улсуудыг ардчилсан бус дэглэмтэй гэж үзнэ.
Ардчилсан бус дэглэмтэй улс орнуудыг тоталитар, авторитар гэсэн ангилалд оруулан авч үздэг.

Тоталитар улс төрийн дэглэм. Тоталитаризм гэсэн хэллэг нь латин хэлний «to-talitas» буюу бүхэл, бүтэн гэсэн үгнээс гаралтай бөгөөд анх 1925 онд италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолини өөрийн улс төрийн хөдөлгөөнийг тодорхойлон хэрэглэсэн байдаг. Тоталитаризм нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм юм. Тийм ч учраас бүх нийтээр хянан захирах дэглэм гэж тодорхойлж болох бөгөөд (тушаагдаагүй бүхэн хориглогдоно» гэсэн зарчимд тулгуурлаж байдаг. Тоталитар дэглэм бий болох ШАЛТГААН нь хувьсгал, дайны ялагдал, дотоодын зөрчилдөөн, эдийн засгийн хямрал, ядуурал хоосрол, ажилгүйдэл, үүнээс үндэслэн хүчтэй төрийг хүсэмжлэх сэтгэлгээ, тоталитар үзэл суртлыг номлогч улс төрийн хүчин зэрэг юм.

Тоталитаризмын үндсэн шинжүүд нь:
• Нийгмийн бүх давхаргыг цорын ганц «үнэн» болсон НЭГ ҮЗЭЛ СУРТАЛД хүчээр захируулж, өөр урсгал чиглэлийг үл тэвчин мэдээллийг бүрэн хяналтандаа байлгадаг. Үзэл номлолоос нь зөрчсөн хэнийг ч болов улс төрийн дайснаа гэж үзнэ. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бүрмөсөн үгүйсгэнэ.
• Төрөөс ард түмнийг бүрэн хараат байлгах бүхэл бүтэн тогтолцоо механизм бүрдүүлэхийг чармайж, нийгмийн амьдарлын бүхий л хүрээ, хувийн амьдарлыг хүртэл ХЯНАЛТАНДАА БАЙЛГАДАГ. Төржсөн намын байгууллага улс төрийн системийг манлайлж, нийгэм эдийн засаг, үзэл суртлын амьдарлыг чиглүүлэх үүрэг хүлээнэ.
• Албан ёсоор нам, төрөөс ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ЯМАР Ч УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ОРШИН ТОГТНОХ ҮНДЭСГҮЙ, цэрэг, цагдаа нь сөрөг хүчний болзошгүй эсэргүүцлийг дарах нэг гол үүрэгтэй.
• Нийгмийг дотор нь анги, яс үндэс, арсны өнгө зэрэг байдлаар зааглан ялгаж, НЭГИЙГ НӨГӨӨГӨӨС НЬ ДЭЭГҮҮР ТАВИХ, нийгмийн гишүүдийг зэрэглэн дугаарлах хатуу систем үйлчилнэ. Жишээ нь коммунистууд ажилчин ангийг, нацистууд ари үндэстэнг бүхнээс дээгүүр тавьдаг.
• Хувийн өмчийг бүрмөсөн устгаж (эсвэл төрийн хяналтанд бага хэмжээнд зөвшөөрөх), чөлөөт өрсөлдөөнийг үгүйсгэн улс орны ЭДИЙН ЗАСГИЙГ ХАТУУ ХЯНАЛТАНД авна.

Тоталитар дэглэмийн үндсэн хэлбэрүүд нь:
А) Түүний зүүний чиглэл болох коммунизм, социализм түүний дотор сталинизм, маоизмын хэлбэрээр илэрч байв. Хуучин ЗХУ, социалист системийн орнууд үүний тод жишээ болно. Одоо хойт Солонгос, Кубад ийм дэглэм оршин тогтнож байна.
Б) Тоталитаризмын барууны чиглэл нь 1922 оны италийн Муссолины фашист дэглэм, германы нацизм, тэрчлэн цэргийн дэглэм юм.
Коммунист болоод фашист дэглэм (fasces - багц саваа гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Савааг нэг нэгээр хугалахад хялбархан, багцалсан үед хэцүү, тэхээр хүч бол нэгдэлдээ байдаг гэсэн утгыг илэрхийлнэ. Фашизм нь нэгдэл, засаглалыг их онцолдог) нь аливаа сөрөг намын үйл ажиллагааг хориглож эрх барих нам болон ганц намыг тунхагладаг. Наад захын хүний эрх, эрх чөлөөг бүрмөсөн хориглодог, нам төрийн аппарат нягт сүлжилдсэн байдаг, зорилгодоо хүрэх, түүнийгээ хэрэгжүулэх арга нь хүчирхийлэлд тулгуурласан байдгаараа туйлын адилхан юм. Коммунистууд өөрсдийн үйл ажиллагаагаа ил тод зарладаггүй, ардчилал, тэгш эрх, шударга ёс гэсэн халхавчын доор явуулдаг бол фашистууд харгис үйл ажиллагаагаа илүү тод нээлттэй явуулдаг. Герман болон Италид оршин байсан яг тэр хэлбэрийн фашист дэглэмтэй орон орчин үед байхгүй. Засаг төрийн эрх цэргийхний гарт төвлөрсөн тоталитари тогтолцоотой улс орон нэлээд байсаар байна. Энэ нь цэргийн дэглэм бүхий улс орон болно.

Авторитар улс төрийн дэглэм. Авторитаризм нь нэг буюу хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах улс төрийн дэглэм бөгөөд тоталитар болон ардчилсан дэглэмийн хоорондод завсрын хэлбэр юм. Уг дэглэмийн гол онцлог нь тоталитар дэглэм шиг нийгмийн амьдарлын бүх хүрээг хянадаггүй, нэгдмэл үзэл суртал тулгадаггүй, эдийн засаг хувийн амьдарлын хүрээнд тодорхой хэмжээний эрх чөлөө олгож, иргэний нийгмийн зарим шинж төрхийг агуулдгаараа тоталитар дэглэмээс ялгагдан үүгээрээ ардчилсан дэглэмтэй төстэй болдог.
Улс төрийн засаглалын гол шинж нь хүч хэрэглэх биш нэр хүнд байх ёстой гэж үздэг.”Улс төрөөс бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчмыг удирдлага болгодог.

Авторитар дэглэмийн үндсэн шинжүүд нь:
• Төр засаглалын эрх мэдэл улс төрийн лидер юмуу тодорхой нэг бүлгийн гарт бүрэн төвлөрсөн байна. Дарангуйлалд тулгуурласан байна.
• Төрийн гарт тулгамдсан, гол чухал нийгмийн бүх асуудлууд байна.
• Засаг төр хуулийн хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүлж болох боловч энэ хууль зөвхөн тэдний өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болно. Энэ утгаараа эрх мэдэл нь хязгааргүй ба ямар нэг хяналтгүй байна.
• Улс төрийн эрх хязгаарлагдмал боловч засаг төрд дуулгавартай цөөн тооны нам, үйлдвэрчний болон бусад байгууллага оршин тогтнохыг зөвшөөрдөг тохиолдол бий.
• Улс төрийн дээд давхарга буюу элитийг шударга сонгуулийн зарчмаар бус дээрээс сонгон шалгаруулах замаар бүрдүүлнэ. Сонгууль, парламент байх боловч тэр нь ихэнхдээ билэгдлийн чанартай байна.
• Улс төрөөс бусад ялангуяа эдийн засгийн салбарт бүрэн хяналт тавьдаггүйгээрээ тоталитаризмаас ялгаатай. Засаг төр эн тэргүүнд өөрсдийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, батлан хамгаалах болон гадаад бодлогодоо анхаарлаа хандуулдаг.
Авторитар дэглэмийг хатуу, ардчилсан, аядуу зөөлөн гэж ангилж болно.
Хүн төрөлхтний түүхэнд авторитар дэглэм нь хамгийн түгээмэл нийгэм-улс төрийи тогтолцоо юм. Авторитар дэглэм ихэнхдээ шинэ тулгар хөгжиж байгаа орнууд, ази, африк, латин америкт түгээмэл ажиглагддаг. Эдгээрээс зарим нь ардчилсан шинж төрхийг олж, нөгөө нь тоталитар дэглэм болж хувьсан өөрчлөгдөж байна.
Дээр дурьдсаныг бүдүүвчлэвэл:

4 comments: