Saturday, January 8, 2011

6.Улс төрийн намын тухай Монгол улсын хууль


Нам байгуулах

 8 дугаар зүйл. Нам үүсгэн байгуулах
8.1. Намыг зохион байгуулах Их Хурал /цаашид “үүсгэн байгуулах хурал” гэх/-аар үүсгэн байгуулна.

8.2. Намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.


8.3. Намыг үүсгэн байгуулах хуралд орон нутгаас төлөөлөх төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулна.

8.4. Намыг үүсгэн байгуулах хурлаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

8.4.1. намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах;

8.4.2. намын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлах;
8.4.3. намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох;

8.4.4. нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.

8.5. Намыг үүсгэн байгуулах хурлаас нам үүсгэн байгуулсан тухай шийдвэр гарсан өдрийг тухайн нам үүсэн байгуулагдсан өдөрт тооцох бөгөөд энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ.

8.6. Нам үүсэн байгуулагдаж Улсын дээд шүүхэд бүртгүүлснээсээ хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болох бөгөөд энэ заалт өөрчлөн байгуулагдаж шинээр бүртгүүлсэн намуудад хамаарахгүй. /Энэ хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

8.7. Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.









 12 дугаар зүйл. Намын мөрийн хөтөлбөр
12.1. Нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байна.


 14 дүгээр зүйл. Намын эрх
14.1. Нам дор дурдсан эрхтэй байна:

14.1.1. Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох;

14.1.2. жагсаал, цуглаан болон бусад үйл ажиллагааг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах;

14.1.3. намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

14.1.4. хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын бүтэц, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох;

14.1.5. өөрийн өмч хөрөнгөтэй байх;
14.1.6. үндэсний эрх ашигт харшлахгүйгээр бусад орны нам, олон улсын байгууллагатай харилцах, холбоо тогтоох;

14.1.7. хуульд заасан бусад эрх.



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Намын санхүүжилт

 16 дугаар зүйл. Намын хөрөнгө, орлого
16.1. Намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.

16.2. Намын хөрөнгөд дараахь зүйл хамаарна:

16.2.1. гишүүний татвар;
16.2.2. гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив;

16.2.3. төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
16.2.4. намын бэлэгдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа эд юмс;

16.2.5. намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны орлого;
16.2.6. өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого;

16.2.7. намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү.

16.3. Энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас бусад хэлбэрээр ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
 17 дугаар зүйл. Намын орлогын зарцуулалт
17.1. Намын орлогыг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд тусгагдсан үйл ажиллагаа явуулахад зарцуулна.

17.2. Намын орлогыг өөр зүйлд зарцуулах, гишүүдэд ногдол ашиг болгон хуваарилахыг хориглоно.
 18 дугаар зүйл. Гишүүний татвар, намд өгөх хандив
18.1. Гишүүн намын дүрмээр зохицуулсан хэмжээгээр намд татвар өгч болно.

18.2. Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно. Хандивыг зөвхөн тухайн шатны намын байгууллагын дансаар дамжуулж авна.

18.3. Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно.

18.4. Нам хандивынхаа талаар нийтэд мэдээлж байна.

18.5. Гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна.

18.6. Сонгуулийн үйл ажиллагаанд зориулж намд өргөсөн хандивын асуудлыг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.

18.7. Дараахь этгээдээс хандив авахыг хориглоно:

18.7.1. арван найман насанд хүрээгүй Монгол Улсын иргэн;
18.7.2. төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага;

18.7.3. шашны байгууллага;
18.7.4. олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн;

18.7.5. байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;
18.7.6. тодорхой нэр хаяггүй этгээд;
18.7.7. дампуурсан болон банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;

18.7.8. хуулиар хориглосон бусад этгээд.

18.8. Олон улсын байгууллага болон улс төрийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллага, сантай хамтран зохион байгуулах арга хэмжээ, хэрэгжүүлэх төслийн санхүүжилт энэ хуулийн 18.7.4-т хамаарахгүй.
 19 дүгээр зүйл. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг
19.1. Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ.

19.2. Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.

19.3. Энэ хуулийн 19.1, 19.2-т заасан мөнгөний дүнг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож байна.
 20 дугаар зүйл. Намын санхүүгийн хяналт
20.1. Намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.

20.2. Намын төв байгууллага нь харьяа байгууллагын санхүүгийн тайлан гаргасны дараа нэгдсэн тайлан гаргана.

20.3. Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

20.4. Намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга, ерөнхий менежер, түүнтэй адилтгах албан тушаалтан нь аль нэгэн улс төрийн сан, нийгэмлэг, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүтэй холбогдсон ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

20.5. Намын дарга намын санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглоно.

20.6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон нөхөн сонгуулийн зардлын тайланг гаргахтай холбогдох харилцааг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.

 21 дүгээр зүйл. Намын үйл ажиллагаанд тавих хяналт
21.1. Намын үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.

21.2. Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Yндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавина. Нам өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөртөө оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/



 22 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудал бүхий намын эрх
22.1. Улсын Их Хуралд суудал бүхий нам дараахь эрхтэй:

22.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн гишүүн, дэмжигчдээсээ нэр дэвшүүлэх;

22.1.2. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын талаархи асуудлыг Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ, хэрэв намын бүлэггүй бол Улсын Их Хурлын гишүүнээрээ дамжуулан Улсын Их Хуралд оруулах;

22.1.3. Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих;

22.1.4. Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хурлын чуулганы нээлтийн ажиллагаанд улс орны бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх.
 23 дугаар зүйл. Намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах
23.1. Нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 5 өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын 5 өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.

23.2. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 24 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
24.1. Намын тухай хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд1 заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.2. Намын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны хариуцлагыг шүүгч ногдуулна:

24.2.1. энэ хуулийн 3.5 дахь заалтыг зөрчиж иргэнийг намд элсүүлэх болон түүнээс гарахыг албадсан, шахалт үзүүлсэн бол албан тушаалтанд 30000-60000 хүртэл төгрөгийн, иргэнд 20000-40000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;

24.2.2. энэ хуулийн 3.7 дахь заалтыг зөрчиж иргэний зөвшөөрөлгүйгээр намын харьяаллыг нь тодорхойлсон бол албан тушаалтанд 20000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;

24.2.3. энэ хуулийн 16.3-т заасныг зөрчин хуулиар хориглосон бусад хэлбэрээр ашиг олсон бол олсон ашгийг хурааж, албан тушаалтанд 40000-60000 хүртэл төгрөгийн, намд 200000-250000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;

24.2.4. энэ хуулийн 17.2-т заасныг зөрчин намын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх, өөр зүйлд зарцуулсан бол албан тушаалтанд 40000-60000 хүртэл төгрөгийн, намд 200000-250000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;

24.2.5. энэ хуулийн 18.2, 18.3-т заасныг зөрчсөн бол данснаас гадуур авсан болон илүү авсан хандивыг хурааж, албан тушаалтанд 40000-60000 хүртэл төгрөгийн, намд 200000-250000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;

24.2.6. энэ хуулийн 18.7-д заасан этгээдээс хандив авсан бол хандивыг хурааж, тухайн намд 200000-250000 хүртэл төгрөгийн, албан тушаалтанд 50000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах.

24.2.7. энэ хуулийн 20.3-т заасныг зөрчин намын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэхээс зайлсхийсэн, аудит хийлгэн баталгаажуулсан боловч нийтэд мэдээлээгүй бол албан тушаалтанд 40000-60000 хүртэл төгрөгийн, намд 100000-250000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;

24.2.8. энэ хуулийн 20.4-т заасныг зөрчин ажил, албан тушаал эрхэлсэн бол албан тушаалтанд 50000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;

24.2.9. энэ хуулийн 20.5-д заасныг зөрчсөн бол албан тушаалтанд 50000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах.

24.3. Нам улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

24.4. Нам нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримт хөтлөөгүй, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв, хугацаанд нь гаргаагүй, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хуулийн1 дагуу хадгалаагүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

No comments:

Post a Comment