Тоталитар улс төрийн дэглэм.
Тоталитаризм гэсэн хэллэг нь латин хэлний «to-talitas» буюу бүхэл, бүтэн гэсэн үгнээс гаралтай бөгөөд анх 1925 онд италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолини өөрийн улс төрийн хөдөлгөөнийг тодорхойлон хэрэглэсэн байдаг.
Тоталитаризм нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм юм. Тийм ч учраас бүх нийтээр хянан захирах дэглэм гэж тодорхойлж болох бөгөөд (тушаагдаагүй бүхэн хориглогдоно» гэсэн зарчимд тулгуурлаж байдаг. Тоталитар дэглэм бий болох ШАЛТГААН нь хувьсгал, дайны ялагдал, дотоодын зөрчилдөөн, эдийн засгийн хямрал, ядуурал хоосрол, ажилгүйдэл, үүнээс үндэслэн хүчтэй төрийг хүсэмжлэх сэтгэлгээ, тоталитар үзэл суртлыг номлогч улс төрийн хүчин зэрэг юм.
Тоталитаризмын үндсэн шинжүүд нь:
• Нийгмийн бүх давхаргыг цорын ганц «үнэн» болсон НЭГ ҮЗЭЛ СУРТАЛД хүчээр захируулж, өөр урсгал чиглэлийг үл тэвчин мэдээллийг бүрэн хяналтандаа байлгадаг. Үзэл номлолоос нь зөрчсөн хэнийг ч болов улс төрийн дайснаа гэж үзнэ. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бүрмөсөн үгүйсгэнэ.
• Төрөөс ард түмнийг бүрэн хараат байлгах бүхэл бүтэн тогтолцоо механизм бүрдүүлэхийг чармайж, нийгмийн амьдарлын бүхий л хүрээ, хувийн амьдарлыг хүртэл ХЯНАЛТАНДАА БАЙЛГАДАГ. Төржсөн намын байгууллага улс төрийн системийг манлайлж, нийгэм эдийн засаг, үзэл суртлын амьдарлыг чиглүүлэх үүрэг хүлээнэ.
• Албан ёсоор нам, төрөөс ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ЯМАР Ч УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ОРШИН ТОГТНОХ ҮНДЭСГҮЙ, цэрэг, цагдаа нь сөрөг хүчний болзошгүй эсэргүүцлийг дарах нэг гол үүрэгтэй.
• Нийгмийг дотор нь анги, яс үндэс, арсны өнгө зэрэг байдлаар зааглан ялгаж, НЭГИЙГ НӨГӨӨГӨӨС НЬ ДЭЭГҮҮР ТАВИХ, нийгмийн гишүүдийг зэрэглэн дугаарлах хатуу систем үйлчилнэ. Жишээ нь коммунистууд ажилчин ангийг, нацистууд ари үндэстэнг бүхнээс дээгүүр тавьдаг.
• Хувийн өмчийг бүрмөсөн устгаж (эсвэл төрийн хяналтанд бага хэмжээнд зөвшөөрөх), чөлөөт өрсөлдөөнийг үгүйсгэн улс орны ЭДИЙН ЗАСГИЙГ ХАТУУ ХЯНАЛТАНД авна.
Тоталитар дэглэмийн үндсэн хэлбэрүүд нь:
А) Түүний зүүний чиглэл болох коммунизм, социализм түүний дотор сталинизм, маоизмын хэлбэрээр илэрч байв. Хуучин ЗХУ, социалист системийн орнууд үүний тод жишээ болно. Одоо хойт Солонгос, Кубад ийм дэглэм оршин тогтнож байна.
Б) Тоталитаризмын барууны чиглэл нь 1922 оны италийн Муссолины фашист дэглэм, германы нацизм, тэрчлэн цэргийн дэглэм юм.
Коммунист болоод фашист дэглэм (fasces - багц саваа гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Савааг нэг нэгээр хугалахад хялбархан, багцалсан үед хэцүү, тэхээр хүч бол нэгдэлдээ байдаг гэсэн утгыг илэрхийлнэ. Фашизм нь нэгдэл, засаглалыг их онцолдог) нь аливаа сөрөг намын үйл ажиллагааг хориглож эрх барих нам болон ганц намыг тунхагладаг. Наад захын хүний эрх, эрх чөлөөг бүрмөсөн хориглодог, нам төрийн аппарат нягт сүлжилдсэн байдаг, зорилгодоо хүрэх, түүнийгээ хэрэгжүулэх арга нь хүчирхийлэлд тулгуурласан байдгаараа туйлын адилхан юм. Коммунистууд өөрсдийн үйл ажиллагаагаа ил тод зарладаггүй, ардчилал, тэгш эрх, шударга ёс гэсэн халхавчын доор явуулдаг бол фашистууд харгис үйл ажиллагаагаа илүү тод нээлттэй явуулдаг. Герман болон Италид оршин байсан яг тэр хэлбэрийн фашист дэглэмтэй орон орчин үед байхгүй. Засаг төрийн эрх цэргийхний гарт төвлөрсөн тоталитари тогтолцоотой улс орон нэлээд байсаар байна. Энэ нь цэргийн дэглэм бүхий улс орон болно.
No comments:
Post a Comment